Хөөрөгний тухай нэгэн бичвэр

Bulgantamir 'Bibby' Purev
5 min readFeb 16, 2021

--

Өлзий Хөөрөг

Хөөрөгний тухай ялангуяа хэмжээ дамжаа, чулуу, нэршлийн талаар ярихаасаа өмнө хувь хүний сонирхлын талаар цухас яримаар санагдлаа. Хүний сонирхол ч их өргөн цар хүрээг хамрах юм даа. Цаг хугацаа улиран одох тусам хүний сонирхол, харах өнцөг хувьсан өөрчлөгдөх нь нэг бодлын гайхалтай, нөгөө талаар өмнө өөрийгөө ийнхүү төсөөлж байгаагүй талаар бодохоор их сонирхолтой ч юм шиг.

Jaime Jacob

Дуу хөгжим дээр гэхэд ихэвчлэн хип хоп, поп, электро дуунд дуртай байсан хүн нэг мэдэхэд жазз хөгжимд, төд удалгүй төгөлдөр хуурын аянд дуртай болсноо блог дээр тухайн үед нь бичвэр болгож хадгалж байсан. Сүүлийн үед дуучин Б.Алтанжаргал гэдэг хүнээс болж “Ардын дуунд” их дуртай болоод байгаа. Ялангуяа “Алтанхундага” гэдэг дуу бол ванлий даа ванлий. Энэ талаар тусдаа нэг бичвэр болгоноо.

Сүүлийн үед өөрийгөө анзаараад байхад Монгол ахуй руу нэлээн орж байгаа санагдах юм. Яагаад гэж асуух байх л даа. Би ч гэсэн яагаад юм бол оо гэж бодсон. Бодоод байхад би 17 настайгаасаа 25 нас хүртлээ Америкт байхдаа Монгол ахуйгаа сайн мэдэхгүй хүүхэд очоод гаднын соёлын сайхныг бишрээд, бараг шүтдэг болчихсон юм билээ. Харин Монголдоо ирээд манай соёл, өв уламжлал, заншил бусад орныхоос дутахгүй сайхан гэдгийг жил өнгөрөх тусам мэдэрсэн дээ.

Ч.Солонго

Монгол ахуйтай холбоотойгоор сүүлийн үед дээл, Монгол хээ угалзтай шивээс, ардын дуу гэх мэт зүйлс сонирхох болсон. Өнгөрсөн жилд өөрийнхөө хүрдтэй шивээсийг хадаг болон угалзан үүлэн хээгээр сэргээн чимэглэсэн гэх мэт аажмаар Монгол ахуйд дуртай болсоор л…

Энэ удаагийн Монгол ахуйтай холбоотой сонирхол маань бол таны таамагласнаар мэдээж хөөрөг юм. Хөөрөгний талаар сонирхох учир маань Цагаан сартай холбоотой гэхэд болно доо. Сая Цагаан сар болоод хэдий айл хэсээд хөөрөг зөрүүлээгүй ч гэсэн Цагаан сарын холбогдолтой зураг, нэвтрүүлэг телевиз, сошиал медиагаар явахаар хөөрөг гэдэг зүйл их гарах нь дамжиггүй биз дээ. Би гэдэг хүн гэнэт л “Монгол хүн байна даа. Нээрээ нэг хөөрөгтэй болъё” гэсэн бодол орж ирдэг юм байна. Яагаад хөөрөгтэй болъё гэсэн бэ гэхээр Монгол хүн гэдэг утгаараа Цагаан сараар хүнтэй мэндлэхэд ч тэр, Монгол ахуй соёлын нэг төлөөлөл болсон зүйлийг хадгалах, өвлүүлэх нь цаг хугацаа өнгөрөх тусам үнэт өв болдог давуу талтай болохоор тэр.

Хөөрөгтэй болъё гэж шулуудсан хүн эхлээд хөөрөгний тухай ерөнхий мэдлэг авахаар жоохон судаллаа.
Хөөргийг Англиар snuff bottle гэдэг. Snuff буюу хамрын тамхи нь Европт ургадаг тамхийг эмийн ургамалтай хольж нарийн нунтаглан хамраар тамхилдаг нэг төрлийн тамхи юм. Анх Хятад руу 17-р зууны үед Европоос ирсэн далайчид, худалдаачдаас дамжин орж ирсэн гэж ихэнх судлаачид үздэг байна. Хөөрөгний уг гарал нь Манжийн хаан Kangxi-д хамрын тамхийг snuff box буюу хайрцганд бэлэг болгож өгсөн юм. Хамрын тамхийг чийглэг уур амьсгалтай нутагт хайрцганд хийхэд тохиромжгүй байв учир нь нунтаг тамхи нь чийг аваад хоорондоо багшралддаг байсан тул хамрын тамхийг Хятадын уламжлалт хөөрөгөрхүү хэлбэртэй эмийн саванд хийснээр хөөрөг үүссэн түүхтэй. Тухайн үед Хятадад тамхи нь хориотой харин хамрын тамхийг эмчилгээний шинж чанартай хэмээн өргөн хэрэглэдэг байсан байна.
(Эх сурвалж: Know Your Snuff: A History of Chinese Snuff Bottles)

Манжын үеийн замагт манан хөөрөг

Удалгүй хөөрөгний хэрэглээ Монгол руу Манж нараар дамжиж тархжээ. “Монголчууд эхэн үедээ Хятад оронд хийсэн шил шаазан хөөрөг хэрэглэж байснаа яваандаа өөрийн орны гоёлын болон үнэт чулуугаар хөөрөг урлах болсон” хэмээн Хөөрөгний ертөнц” номонд дурджээ.

Монгол хөөрөг хийц загварын хувьд хятад юм уу бусад улсын хөөрөгнөөс ялгагдах онцлогтой болсон байна. Монгол хөөргийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт, хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь нэн чухал байдаг.
Эх сурвалж: Хөөрөгний тухай

Хөөрөгний түүх ийм ажгуу. Одоо Монгол хөөрөг ямар байдаг талаар товч танилцуулъя.
Монгол хөөрөгний хувьд эртний хөөрөг үү шинэ цагийн хөөрөг үү, ямар чулуугаар хийсэн, мөртэй юу мөргүй юу, ямар хэмжээтэй вэ, хөөрөгний нуух юугаар хийсэн, ямар халбагатай вэ, ямар толгойтой хөөрөг вэ, хэн хэрэглэж байсан бэ гэдгээс шалтгаалж үнэ нь харилцан адилгүй байдаг. Монгол хөөрөгний гол шинж чанар нь Монгол оронд байдаг өвөрмөц тогтоцтой байгалийн чулуугаар хийснээрээ онцлогтой.

Чулууны хувьд манай оронд их олон төрлийн мана чулуу байдаг гэдэг утгаараа манан хөөрөг их түгээмэл байдаг. Манан хөөрөг дотроо их олон янз: Халтар, харлаг, замагт, тархи, тариат гэх мэт. Мөн хаш, чүнчигноров, гартаам хөөрөг өргөн дэлгэр байдаг. Мөн номин, сүүжин, сувдан, оюу, ундрам, шүрэн хөөрөг байдаг.

Жич: Хөөрөг тайлбарлах үүднээс “Өлзий Хөөрөг”ны зургийг ашиглан нэршлүүдийг заан тэмдэглэсэн болно.

Толгойн хувьд: Хөөрөгний хувьд толгой их чухал юм билээ. Тиймээс ч “Хөөрөг толгойндоо, хүүхэн гэзгэндээ” гэсэн үг гарсан биз. Алтан нуухтай шүрэн толгой хамгийн үнэтэйд тооцогддог. Толгойн шүр нь байгалийнх байх тусмаа илүү үнэтэй байдаг ба Монголчууд шүрний өнгө улаан байх тусмаа сайн хэмээн үздэг гэжээ.
Харин хиймэл шүрэн толгойг даваа толгой гэж нэрлэдэг гэдгийг олж мэдсэн.

Өлзий Хөөрөг

Мөрний хувьд: Зээ бадны үсийг бад буюу мөр гэдэг. Дөрвөн бадтай бол бага гарын, зургаан бадтай бол дунд гарын, найман бадтай бол их гарын хэмээн нэрлэдэг. Эртний хөөрөгний мөрний хээг гараар имэрч үзэхэд мөлгөр байдаг бол орчин үеийн хөөрөгний мөрний хээ нь хурц байдаг аж.

Өлзий Хөөрөг

Хөөрөг шинжих гол үзүүлэлт нь ухалт гэдэг юм билээ. Сайн ухсан хөөрөг усанд хөвдөг хөнгөн чанарын байдаг ба гэрэл нэвтрүүлэлт сайн мөн доторх өнгөлгөө нь гадна талын өнгөлгөөтэйгөө адил сайн өнгөлсөн байх ёстой.
Нэмж хэлэхэд хөөрөг авахдаа чулууны гарал үүслийг нь зайлшгүй асуух хэрэгтэй. Учир нь чулууг лабараторийн аргаар хийсэн байдаг болохоор “Эрдэнийн чулууны гэрчилгээг” Стандарчлал, хэмжил зүйн газрын Үнэт металын сорьцын хяналтын газар дээр очиж авах эсвэл хөөргөө шинжлүүлэх хэрэгтэй хэмээн чулуу шинжээч Ш.Бямбасүрэн гуай зөвлөсөн.

Та бүхэнд сонирхолтой байж магадгүй хэмээн хэдэн хөөрөгний зураг доор байршуулав. (Зургийг зөвшөөрөлгүй авсанд уучлаарай.)

Сийлбэртэй манан хөөрөг, Болор хөөрөг, Гүйдэлтэй гартаам
Тархи мана, Тариат мана, Цагаан хаш

Одоо та бүхэн над шиг хөөрөгний талаар ерөнхий ойлголттой болсон байх гэдэгт итгэлтэй байна. Хөөрөгний талаар дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл доорх нийтлэл болон ярилцлагыг уншаарай. Хөөрөгний тухай нэгэн бичвэр ийм болой!

Эх сурвалж:
Know Your Snuff: A History of Chinese Snuff Bottles
Ш.Бямбасүрэн: Жинхэнэ чулуун хөөргийг авахаасаа өмнө баталгаажуулах нь чухал
Хөөргийг шинжихүй
Хөөрөгний түүх
Б.Баасансүрэн: Нэг хөөргийн 800 мянгаас сая төгрөгөөр хийдэг
Монгол хөөрөг хэлбэр, хийцээрээ ялгардаг
Хөөрөгний мөрний тухай
Хөөрөг
Улаан толгойнууд
Өлзий Хөөрөг

--

--

Bulgantamir 'Bibby' Purev
Bulgantamir 'Bibby' Purev

Written by Bulgantamir 'Bibby' Purev

The Bibby Times: Шинэ содон трендээс авахуулаад уламжлалт сонгодог зүйлсийн талаар сонирхолтойгоор, өгөөжтэйгээр өгүүлсэн нийтлэлүүд.

Responses (1)